Sunday, January 29, 2012

Ном унших соёл



   Ном зохиол, тогтмол хэвлэлүүд нь хүн төрөлхтний оюун билгийн асар их хуримтлалаас гадна түүх соёл, шинжлэх ухааны мэдээллийн чухал хэрэгсэл болдог байна. Ном зохиол, хэвлэлийг уншиж судална гэдэг нь хүн төрөлхтний оюуны соёлтой нягт нямбай танилцаж мэдлэгээ баяжуулна гэсэн хэрэг юм.
   Шинжлэх ухааны ном зохиолыг зөв уншсанаараа бид гарамгай сэтгэгчдийн санааг ойлгож, тэдний бодол дүгнэлтийг боловсруулж, асуудлыг судлах, нотлох, тайлбарлах арга ухааныг эзэмших дадлага олдог байна.  Ном зохиолыг уншиж судлахын өмнө уг ном хэвлэлийн бүтэц бүрэдлэхүүнийг урьдчимлан сайн мэдэх нь чухал юм. Ном бичигдсэн түүхэн цаг үе, түүнд агуулагдаж байгаа утга санааг нэрлэсэн гарчиг, сэдвүүд, үндсэн хавсралт зураг, мэдээллийн тоо баримтыг урьдчилан үзэж уг бүтээлийн тухай томилсон ойлголт авч мэдэх нь анхдагч арга мөн.
      Ном зохиолыг уншихдаа эхлээд үндсэн тулгуур бүтээл уншиж дараа нь жижиг ном өгүүлэлд шилжих нь зүйтэй. Ном уншигч хэн боловч номын сангийн наад захын үсгийн дараалал, шинжлэх ухааны төрөл, дэд ангийн каталог ашиглах мэдлэгтэй байхаас гадна номзүйн лавлах материалууд, толь бичиг, салбар шинжлэх ухааны нэвтэрхий толь бичгүүдийг ашиглаж чадах туршлагатай болсон байх нь чухал юм.
      Ном уншиж судлах, бичиж туурвих зүйлийг эмх цэгцтэй, үнэн зөв асуудлыг давхардуулахгүй шинжлэх ухааны үндэстэй хандахын тулд зохих сэдвийн дагуу номзүйн бүтээлийг урьдаар судлах нь асар их ач холбогдолтой юм.Номын санд ном зохиолыг уншиж ашиглахын тулд номын санч, ном зүйн мэргэжлийн хүмүүсийн туслалцаатай карт каталог шүүж үзэх нь ашигтай.
Тэгэхдээ мэдээллийн хэрэгсэл их хөгжсөн орчин үед ном, хэвлэлийн аль болох үр бүтээлтэй унших арга зүйг эзэмших нь чухал.
     Гэрлийн өнгө даруухан, чимээ шуугиангүй +18 градусаас илүүгүй дулаан, цэвэр агаартай өрөөнд ном уншихад хамгийн тохиромжтой.
Хувийн номыг уншихдаа зурж, тэмдэглэх зэргээр ашиглаж болох юм. Номын зурж тэмдэглэхэд олон арга хэрэглэнэ. Жишээлбэл, улаан өнгөөрчухал зүй тогтолыг ногоон өнгөөр шинэ таамаглал, төсөөтэй зүйлийг, хөх өнгөөр практик амьдралын жишээ, шар өнгөөр олон улсын хөгжил, хар өнгөөр эсрэг онол, алдаа мадагтай зүйлийг тэмдэглэх гэх мэт.
        Ном зохиолын унших арга гэж байдаг. Тухайлбал, буцалтгүй унших, санаандаа бодож унших, амандаа унших, нүдээ хөдөлгөж унших, анхаарлаа төвлөрүүлж унших, ойлгож унших тогтоох шинжийг эрхэмлэх, унших хурдыг өөрчлөх хэрэгцээт зүйлээ сонгож унших, сонгож авснаа батлах зэрэг аргыг эзэмших нь зүйтэй юм.
          Ном зохиолыг уншиж эзэмшихэд хэд хэдэн зорилго байдаг. Тухайлбал, унших зохистой аргаа сонгох, зайлшгүй мэдээллийг олж авах, сэтгэхүйгээ хөгжүүлэх, тэр номоос юу мэдэж авах вэ гэдгээ практикт хэрэглэж чадах, эсвэл түүнийг өөрийн үг сэтгэлээр иоэрхийлж чаддаг болох уншилт гэх мэт.
          Ном зохиолыг уншиж судлахад үг өгүүлбэрийн мөр хооронд давталт, тодорхойлолт, томъёолол, дахин унших, зэрэгцүүлэн унших, зөрчил зэргийг тусгай үсгээр тэмдэглэж уншилтыг бататгах аргуудыг сонгон хэрэглэх явдал чухал ач холбогдолтой.Эрдэмтдийн тооцоогоор өнөө үеийн хүн минутанд 1-2 мянган үг буюу цагт 200-400 хуудас ном унших боломжтой ажээ. Энэ нь орчин үед шинжлэх ухаан техникийн мэдээллийн хэрэгсэл олширч хөгжсөнөөс хүний сэтгэх оюун асар их хурдассантай холбоотой юм. Ер нь шинжлэх ухааны хөгжлийн ийм хурдацтай өөрийн ажлын ур чадвар, дэг журам, зохион байгуулалтыг зөв хослуулж чадвал өөрийн амьдралын турш дунджаар 15-25 мянган ном уншиж улс орны болон дэлхий дахины хөгжилтэй танилцаж, мэдлэгийнхээ хүрээг баяжуулах тооцоотой байна.

No comments:

Post a Comment