Tuesday, January 31, 2012

Хүүхдээ яаж ном унших дуртай болгох вэ?

   Төрөлхийн номын хорхойтон хүүхдүүд бий. Гэхдээ номонд дургүй ч хүүхэд бий. Хүүхдийн хүсэл сонирхлыг хязгаарлаж эсвэл албадаж болдоггүй ч “Ном бол ертөнцийг харах цонх мөн”, “Уншихаа больвол сэтгэхээ болино” гэх мэт афоризмууд хүүхдээ уншихад дуртай болгох залйшгүй хэрэгтэйг бидэнд сануулдаг. Хэрэв таны хүүхэд номноос зугтдаг бол дараах зөвлөгөөг дагаарай.


1. Хүүхэддээ өдөр бүр ном уншиж өг. Эхэндээ бяцхан үрийнхээ сонирхлыг татахуйц, үлгэрийн эсвэл зурагтай номыг сонгоорой. Дараа нь таны хүүхэд өөрөө номоо өвөр дээрээ тавиад уншихыг тэмүүлж эхэлнэ. Тэр үед нь өөрөө өөртөө чанга дуугаар уншихыг зааж өг. Тэгвэл хүүхэд агуулгыг илүү амархан ойлгох ба аливааг сонсоод бүрэн дүүрэн хүлээж авах чадвар ч дээшилдэг байна. Хэвлийд байхаас нь энэ зуршлыг хэрэгжүүлвэл хүүхэд төрөлхийн “идэвхтэн уншигч” болдог аж.
2. Хүүхдийнхээ хажууд өдөр бүр унш. Хүүхдийн хувьд та хамгийн сайн сайхны илэрхийлэл, тод жишээ. Тиймээс та л түүнд шилдэг үлгэр дууриалал үзүүлж чадна. Ээж аавынхаа үг үйлдлийг үргэлж сониучхан бяцхан нүдээрээ ажиглаж байдаг тэд таныг байхгүй хоорондуур өчигдөр, эсвэл уржигдрын хийсэн ямар нэг зүйлийг тань даган хийх гэж оролддог.
3. Хүүхэдтэйгээ номын их дэлгүүр лүү орж бай. Тэгээд хэрэв хүүхэд тань ямар нэг ном шохоорхож байвал аль ч салбарын тухай ном байсан түүнийг нь авч өгөөрэй. /Ямар нэг муу зүйл заасан ном л биш бол шүү дээ/ Дараа нь тэр өөрөө номнуудаа сонгоод танд авчирч өгдөг болно. Балчир үрдээ авч өгөх ном түүний оюунд оруулах том хөрөнгө оруулалт юм.
4. Гэр бүлийн уншлагын өдөртэй бол. Долоо хоногийн нэг өдрийн нэг цагт гэр бүлээрээ ном уншдаг өдөртэй болоорой. Энэ нь төдийлөн боломжгүй эсвэл уйтгартай санагдаж магадгүй. Гэхдээ таны зорилго бол “уншина” гэдэг нойр хүргэсэн залхуутай ажил биш, харин ч толгой сэргээсэн, сонирхолтой шинэ ертөнцийг нээн мэдэх адал явдалтай ажил юм гэдгийг хүүхэддээ ойлгуулах учраас жаахан бүтээлч хандаарай. Хүүхдээ номоо чангаар уншихад нь гэрийхэн нь үйл явдлаар нь бяцхан жүжиг тавьж ч болно шүү дээ.
Эхлээд уншихын сайхныг мэдрүүлчих. Дараа нь таны хүүхэд юу уншиж, өөрийгөө аль талаар нь хөгжүүлэхээ өөрөө мэднэ. Амжилт хүсье ухаалаг ээжүүд ээ!
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн

No comments:

Post a Comment