Монгол улсын хамгийн жижиг ном, Ногоон дарь эх – 5.5х5.5 см. Яг л ийм хэмжээтэй гайхамшигт бүтээл.
1980 онд 66 жилийн дараа Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдын” нэг болжээ.
Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, Судар бичгийн хүрээлэн - гийн анхны гишүүдийн нэг, Монгол хэлний алдарт Шагжийн толь бүтээсэн, хожмоо 1937 онд Далай ламд мөргөсөн хэргээр хэлмэгдэн шоронд цаазлуулсан, Билгүүн номч Б.Ринчен - гийн гарын багш, Амар сайд (1886-1941) - ын ойрын төрөл, төвдөч Садоо овогт Сангажавын С.Шагж гэвш 1914 онд Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг, 5.5х5.5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд үсгээр багтаан бичсэн.
Шагж гуай энэ номыг бичихдээ зуны аагим нартай өдөр гэрийнхээ өрхийг битүүлэн татаж, өрхний завсраар өчүүхэн зай гарган түүгээр туссан нарны хурц гэрэлд бичсэн гэдэг. Түүнийг энгийн нүдээр унших боломжгүй жижиг үсэгтэй тул өсгөдөг шил хэрэглэн уншдаг байна.
Ногоон Дарь эхийн тууж судар хэлбэрээр бол 20 гаруй хуудас. Уг хялгасан бичиг 80 мөртэй. Эхлэл хэсгийн дөрөв болон дундах долоон мөрийг улаан, бусдыг нь хар өнгийн бэхээр бичсэн байв. Харин сүүлийн хэдэн мөр нь хуучраад улаан хүрэн өнгөтэй болчихож.
Хялгасан номыг гялгар уутанд сэрүүн газар хадгалдаг. Нарны хурц гэрэлд гаргадаггүй. үсэг нь балрах сөрөг нөлөөтэй. Тиймээс цонхыг нь битүүлсэн, бүүдгэр гэрэлтэй өрөөний шилэн хоргонд залжээ.
1886 онд Монголын нэрт эрдэмтэн толь зүйч, төвдөч Садоо овогт Сангажавын С.Шагж Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу чин ван Ханддоржийн хошууны Тэшигхангай уулын Хавтгай харуул /Ордос харуул/ одоогийн Булган аймгийн Хангай сумын нутагт харц ард эцэг Баясгалангийн хоёрдугаар хөвүүн болон улаан нохой жил төрсөн. С.Шагж гэвш бага насандаа Дайчин вангийн буюу Булган хан уулын Вангийн өргөө хэмээх нэртэй хүрээнд шавилан суужээ.
1899 онд (13 нас) Богдын хүрээний Гандантэгчилэн хийдэд ах Жаарайн хамт шавилан суухаар иржээ.
1914 онд (28 нас) С.Шагж Монгол улсын хамгийн жижиг ном, Хялгасан бичгийг, 5.5х5.5 см хэмжээтэй цаасан дээр Ногоон дарь эхийн туужийг төвд усгээр багтаан бичсэн
1913 оны 10 сарын 1-нээс анхны төрийн дээд айлчлалыг Хаант Орос улсад Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн (1878-1919), Гадаад хэргийн сайд Чин ван Ханддорж (1871-1915) нар тэргүүлэн явав.
Жаарайн охин С.Загдсүрэн 1995 онд Улаанбаатар сонинд ярихдаа: Миний эцэг Жаарай, Шагж хоёр төрсөн ах дүү. Энэ дашрамд хэлэхэд Ханддорж вангийн дархан Баясгалан уран дархнаараа нутагтаа гайхагдаж байсан юм гэнэлээ. Тийм ч учраас Ханддорж ван, хаант Орос улсаас тусламж гуйхаар сайн ноён хан Намнансүрэн нартай хамт явахдаа Баясгалангаар дээлийнхээ мөнгөн товчинд хор хийлгээд явсан гэдэг. Хэрэв дайсан этгээдэд баригдвал товчоо хага хазан хороо идэж үхэх учиртай байсан аж. Шагж, Жаарай хоёр аавынхаа эзэн Ханддорж вангаар бичиг заалган түүний өргөөнд дом хийсэн юм гэсэн. Ханд ван "Энд эрдэм номд чин үнэнээсээ шамдаж буй хоёр залуу байна" гэж богдод мэдэгдэхэд "тэднийг нааш ирүүл" гэжээ. Тэгээд л манай аав, Шагж ах хоёр Их Хүрээнд ирж эрдэм номын мөр хөөсөн юм гэсэн. Тэд Богдын дэргэд хоёр жил ном үзээд Шагж ах тэндээ үлдэж, манай аав Төвд, Энэтхэгт 16 настай яваад 40 настай эргэж ирсэн юм гэнэлээ. Аав маань буцаж ирчихээд "манай шашин удаан байж чадахгүй" гээд, хийдэд суугаагүй юм гэсэн. Шагж ах номоо үзэж байгаад ардын засагтай золгон Жамьян гүн (1864-1930), Жамсрангийн Цэвээн (1880-1942) нартай хамт судар бичгийн хүрээлэнг байгуулцжээ. Шагж ах маань бас зураг зурдаг байсан. Түүний зурсан нэг бөмбөрцөг байх учиртай. Түүнээ гүйцээж зураагүй байх. Хэвлэлд гарсныг нь хараагүй, хаа нэгэн газар хадгалагдаж байгаа байхаа. Шагж ах Хорин хэдэн онд судар бичгийн хүрээлэнгийн ажлаар Төвдөд явж байгаад Далай ламд (13 дугаар) мөргөсөн юм гэнэлээ. Түүнээсээ болж шоронд оржээ. Дөчин есөн хоног шоронд байхдаа мөргөсөөр байгаад хоёр тохой нь цоорчихсон гарч ирсэн юм гэнэлээ. Шагж гуай 1937 онд дахин баригдаж цаазлуулсан. Толь бичгийнхээ ажлыг хийж байгаад баригдсан гэсэн. 1937 онд баригдахад нь түрүүн Далай ламд мөргөсөн нь их гай болсон гэсэн-. Шагж ах маань хүний дутагдлыг нүүрэн дээр нь шууд хэлдэг, (ялангуяа хамт ажилладаг хүмүүсийнхээ) шулуун зан ааштай хүн байсан болохоор тэр нь олон дайсантай болгосон. Тиймээс эгзэгтэй үед тэд нар нь түлхсэн биз ээ. "Дүү маань хүний дутагдлыг шууд шууд хэлэх юм. Тэр нь хэцүү юм даа" гэж аав ярьдаг байсан даа. Харин Шагж ах, Ринчен гуайн багш байсан. Би Ринчен гуайтай уулзаж ярилцаж байхад "манай багш ер эсэргүү байгаагүй. Тэр бол гүтгэлэг" гэж дандаа ярьдаг байсан. Шагжийг шоронд ороход Амар сайд (1886-1941) өмөөрсөн гэсэн яриа байдаг. Шагж эсэргүү байдаг бол Монголд эсэргүү биш хүн цөөн гэж хэлсэн. Энэ үг хожим өөрийг нь баригдахад нь нэмэр болсон гэсэн. Энэ дашрамд хэлэхэд Шагж, Амар хоёр ойрын төрөл хүмүүс байсан.
1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын шийдвэрээр суут эрдэмтэн, Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд , Улсын Төв номын сан - гийн үндэс суурийг үүсгэн бүтээгч , улсын музей үзмэрийн эх суурийг тавилцсан, Монгол Данжуурын залж ирсэн Онходын Жамъян гүнг Судар бичгийн хүрээлэнгийн (одоогийн Шинжлэх ухааны Академи ) анхны даргаар тохоон томилжээ
1921 онд (35 нас) Хүрээлэнг байгуулахад тэр үеийн эрдэмтэн сэхээтэн хүмүүс болох профессор Жамсрангийн Цэвээн (1880-1942), манжич Бат-Очир, хятадач Дандаа, Садоо овогт Б.Шагж (1886-1938) зэрэг сэхээтнийг татан оруулжээ.
1924 онд (38 нас) “Тогтоон таалал бүхний ялгал бүхний толь “ гэдэг том номыг арван нэгэн дэвтэрт багтаан төвд хэлнээс хөрвүүлэн
1927 онд (41 нас) “Эрдэнэ мэт үсгийг хэлбэр эвлүүлж чимэг болгон хэрэглүүлэх амар хөтөлбөр оршвой” хэмээх багавтар хэмжээний ном хэвлүүлжээ.
1928 онд (42 нас) Судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамъяан гуайн хамт олон сайхан Монгол ном цуглуулан олж ирсэн.
1929-1931 онд (43-45 нас) Мэргэн гүн Гомбожав (1906-1940) дуудагдан ирээд Судар бичгийн хүрээлэнд (Institute of Scriptures and Manuscripts or scientific committee) Ж.Цэвээн эрдэмтний удирдлагад оюутнаар ажилласан. Гучин зургаатын толь зэргийг С.Шагж, Т.Нацагдорж (1910-1966) болон бусад эрдэмтдийн хамт зохиож байхад өөрөөс нь ахмад хүмүүс ч гэсэн Гомбожавыг Та гэж үвндэтгэн түүнээс зөвлөгөө авдаг байж.
1934-онд (48 нас) “Монгол бичиг хялбар сургах дөт зам оршвой” ном зохион бичиж хэвлүүлсэн.
1937 онд (51 нас) Б. Шагж. “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон Монгол үгний тайлбар чандманийн эрхи” буюу Монгол үгний тайлбар толь бичиж дуусгасан.
1938 онд (52 нас) хэлмэгдэн таалал болсон
1965 оны 6-р сарын 3 нд Б.Шагжийн өгүүлсэн хэрэг хэмээгчийг хянаж үзээд ямар ч холбогдолгүй тул цагаатгажээ.
1980 онд 66 жилийн дараа Хялгасан бичгийг академич Ц.Дамдинсүрэн 1980-аад онд үндэсний номын санд авчирснаар энэ бүтээл эндхийн хүндтэй зочдын” нэг болжээ.
1990 онд гучаад оны хэлмэгдэлд өртсөн сэхээтнүүдийн нэр алдрыг сэргээж, бүтээлийг нь нийтэд түгээн сурталчлах талаар яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо (1952) багагүй хөдөлмөрлөн Садоо овогт Б.Шагж (1886-1938) “Монгол бичгийн дөт зам”(1937) сурах бичгийг хэвлүүлэв.
1994 онд (42нас) С.Шагжийн “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн чимэг” хэмээх бичмэлээрээ үлдсэн толь бичгийг (1937 онд хэвлэгдээд өнөө цагт эрэл сурал болсон ховор бүтээл) яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо (1952), Д.Цэрэнсодномын (1937) хамт “Монгол үгний тайлбар толь” нэртэйгээр хэвлүүлэв.
Чухал холбоосууд:
http://www.mongolinternet.com/famous/SadooShagj.htm Садоо овогт Сангажавын С.Шагж
http://www.mongolinternet.com/boloүsrol/MinistryOfEducation.htm Гэгээрлийн сайд http://www.mongolinternet.com/mongolnom.htm Улсын Төв Номын Сан түүхээс
http://www.mongolinternet.com/mongolnom/OnhodJamyan.htm Онходын Жамъян гүн
http://www.mongolinternet.com/mongolnom/antiquebooks.htm Алтан ганжуур, Данжуур, Сандуйн жүд, Алтаар бичсэн Жадамба, Бида хэмээх Монгол улсын анхны ноён Бөртэ чоноос Түшээт хан Гомбодоржийн хүртэл 42 үеийн угсаа угийн бичиг, С.Шагжийн урласан Монгол улсын хамгийн жижиг ном Ногоон Дарь эхийн тууж (Хялгасан бичгийг ) үзнэ үү.
http://www.mongolinternet.com/mongolnom/ancientbooks.htm Дууны судар, Эртний судруудаас (эдгээр номыг www.ebay.com монголоос дээр зарж байсныг 2004 онд зургийг татан авсан)
Эх сурвалж: http://medeelel.com
No comments:
Post a Comment