Wednesday, September 12, 2012

Их сургууль-шинэ эхлэл!


Арван жилдээ би өөртөө итгэлгүй, нэг л ширүүхэн харцанд цохиулвал шууд л дуугаа хураачихдаг, инээд муутай, ихэвчлэн доошоо харж явдаг охин байлаа. Хоёр нүдэн дээрээ нэмээд, дахиад хоёр нүдтэй байсныг ч хэлэх үү. Ер нь нүдний шилтэй хүүхдийг арван жилд “номын” гэдэг бичигдээгүй төрөлд хамааруулдаг даа.
Их Сургууль-Шинэ эхлэл!
“Номын” хүүхдийг хүмүүс ихэнхдээ анзаардаггүй ч, шалгалтын үеэр тэд хэнээс ч илүү “од” болдог. Би ч бас тийм хүүхдүүдийн нэг байсан юм.
Гэхдээ миний дотроос ямар нэг дуу хоолой үргэлж л “Чи ийм биш шүү дээ. Өөрийгөө ил гаргаач” гэж хашгирсаар байдаг байсан. Товчхондоо би намхан ултай гутал, үүргэвчтэй цүнх, үсний боолтноос салдаггүй байсан ч, орой бүр орондоо орохынхоо өмнө өөрийгөө үсээ хийсгэж, өсгийтэй гутал тог тог хийлгэн, зөрж өнгөрсөн хүн бүрийн харцыг булаан сургуулийн хонгилоор алхаж байгаагаар төсөөлж, инээмсэглэдэг байсан. Төсөөлөлд минь амьдарч байсан тэр охин л жинхэнэ БИ мөн юм шиг санагддаг байсан ч, өөрийгөө нуухыг хүсч, дотроосоо асах гээд байгаа гал дөлийг дарж унтраах нь дээр юм шиг санагддаг байлаа. Яагаад гэвэл, надад одоогоор өөрийгөө ил гаргах бэлтгэл, (жишээлбэл сайхан хувцас, гоё нүдний будаг, гоолиг бие) байхгүй байгаа юм шиг санагддаг байсных. Эдгээр зүйлс л байвал маргаашнаас ч хамаагүй өөртөө итгэлтэй алхаж болохоор юм шиг бодогддог байсан болоод тэр. Гэхдээ тэгэхэд би андуурч байсан. Өөртөө итгэх итгэлийг бий болгосон цагт, гоо үзэсгэлэн дагаж ирдэг болохоос, хэлбэрийг эхлээд сайжруулснаар агуулга сайжирдаг юм биш гэдгийг би дараахан нь ойлгосон.
Гэхдээ “номын” байсныхаа ачаар би дүнгээрээ үргэлж дээгүүр байранд ордог, багш нарын хайртай сурагчдын нэг байсан нь аз. Хэзээд л олимпиадад орох шилдэг сурагчдын эгнээнд орчихсон явдаг байсан надад онц авах нь байдаг л үзэгдэл болчихсон байсан болохоор түүгээрээ онгирохыг ч хүсдэггүй байлаа. Хичээлдээ сайн байна гэдэг хүнд гайхуулаад байхаар сонин сайхан зүйл огт биш л гэж боддог байсан. Харин ч үүний оронд надад алдар нэр, гоо сайхан бэлэглэсэн бол дээр байсан юм ч гэж бодох үе гардаг байлаа. Тэгсэн, төгсөх дөхөөд ирсэн чинь надад байхгүй гэж боддог байсан өөртөө итгэлтэй байдал, бие галбир, гоо үзэсгэлэнг заавал төрөхөөс заяадаг юм биш, харин өөрөө бий болгож болох амархаан зүйлс гэдгийг ухаарлаа. Үүн дээр, өнөөдрийг хүртэл суралцаж ирсэн эрдэм мэдлэгээ нэмчихвэл, бүх талаараа өөлөх юмгүй эмэгтэй болох боломжтой гэдгээ ойлгоод, би бушуухан шиг Их Сургуульд орохсон гэхээс түүс болов.
Яагаад тэр үедээ шууд өөрийгөө нээгээгүй юм бэ гэж үү? Дунд сургуулийн хүн бүр намайг аль хэдийнэ даруухан, дуу муутай охин гэдгээр минь хүлээгээд авчихсан байсан болохоор, надад нэг лөдөр огцом өөрчлөгдөх боломжгүй зүйл мэт санагдаж байсан. Тэгж чадлаа ч, хүмүүсийн нүдэнд аль хэдийнэ тогтчихсон байсан имиджээ арилгаад, дахиж шинээр бүтээнэ гэдэг их удаан хугацаа, хичээл зүтгэл шаардах “ажил” байсан. Үүний оронд, намайг хэн гэдгийг огт мэдэхгүй, цоо шинэ хамт олны дунд ороод, тэдний сэтгэл зүрхэнд цоо шинээр өөрийнхөө имиджийг бүтээнэ гэдэг надад илүү аятайхан санагдаж байсан. Арван жилд өөрийн баталж харуулж чадаагүй зүйлийг Их Сургуульд харуулж чадсандаа би баярладаг. Их Сургуулийн үүд гэдэг миний хувьд түүхийг дахиад эхлүүлэх, алтан боломж байсан юм. Түүх ч шинээр эхэлсэн, би ч шинээр төрсөн юм шиг өөрчлөгдсөн...үгүй ээ, өөрчлөгдөөгүй юм байна. Зүгээр л өөрийнхөө үргэлж хүсдэг байсан талыг нээж харуулсан.
Над шиг Их Сургуулийг шинэ эхлэл болгож ашигласан олон хүн байдаг байх. Дунд сургуульд байхдаа үргэлж л тамхи татаж байгаад баригдаж, Зодоон хийж багш нарын хурлаар ордог байсан хүү саяхан тааралдахад янзын соёлтой, боловсролтой залуу болчихсон явж харагдсан. Түүний хувьд ч бас, өөрийгөө шинээр төрүүлэх боломж нь Их Сургуулийн жилүүд байсан байх. Түүний хувьд ч бас нэгэнт тогтчихсон буруу ойлголтыг залруулахаас илүү, шинэ орчинд ороод өөрийнхөө дүр зургийг тэнд шинээр хоногшуулах нь амархан санагдсан байх. Арван жилд байхдаа охин тоодоггүй гээд шоолуулдаг байсан хөвгүүн, өнгөрсөн Валентинаар ажлын газрынхаа бүсгүйчүүдээс хамгийн олон Монита авсан гэж сонсогдож байсан. Инээдтэй л жишээ л дээ. Гэхдээ л тэр надад "Найз нь бүсгүй хүнийг татдаг чадвараа Их Сургуульд л нээсэн ш дээ" гэж хошигнон ярьж байсан.
Хэдхэн хоногийн дараа оюутны амьдралд хөл тавих гэж байгаа хонгор охин чамд, өөрөө өөрийгөө цоо шинээр нээж харуулах том боломж ирж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Арван жилд чиний тухай хүмүүсийн буруугаар боддог байсан бүх зүйлийг өнгөрсөн он жилүүдтэй хамт баяртайгаар үд. Нэгэнт баллуурдах боломжгүй зураасыг харж гомдоллолгүй, чиний өмнө цав цагаан, нэг ч цэг хатгаагүй цаас байна гэж бодоод түүн дээр шинээр юу зурж болох вэ гэдэгт л анхаарлаа хандуул. Өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг, дотроос чинь оволзоод байхад л дараад байдаг байсан хайрламаар мөн чанараа ил гарга. ИХ-ЛЭЛ-д чинь амжилт хүсье!

Эх сурвалж http://www.goolingoo.mn

No comments:

Post a Comment